Angelfish үржүүлэх тухай

Энэ загасыг манайд төдийгүй дэлхийд хамгийн ихээр сонирхож, үржүүлдэг загасны нэг билээ. Энжелүүдийн 99 % нь аквариумд үржүүлж гаргаж авсан байдаг. 
\

Биеийн хэмжээ: Өндөр нь 25 см, үндсэн бие нь 10 см

Хүйс: Эр загасны дух төвгөр, нүд нь эмийнхээсээ тод улаавтар . Эм загасны гэдэс товгор   байдаг.
Зан байдал: Догшин, өлсгөлөн 
Температур: 23-26С
PH: Бага зэргийн хүчиллэг 6.8
Аквариум: Том аквариумд өсгөж, жижгэвтэр аквариумд үржүүлэх

 
Марбел буюу алаг зүстэй төрөл нь бусад төрлөөсөө илүү амь бөхтэй тэсвэртэй байдаг. Ялангуяа цагаан голдуу алагууд.

 
Дээрх хос загас ойролцоогоор 20 гаруй настай ба эр загасны дух том байх нь урт насалсныг харуулдаг.

Загаснуудыг ус бохирдуулдаг алтан загас, суматр барб гэх мэт түргэн хөдөлгөөнтэй загаснуудтай тэжээх үед стресстэж болно. Загасны таарамжын хүснэгтээс харах.
Том аквариумд сайн тэжээсэн нөхцөлд 25 см өндөр болдог. 100 литр аквариумд сайхан томордог ба жижиг аквариум нь өсөлтийг нь зогсоодог. Гэхдээ 40 литрийн аквариумд 10 аад ширхэгийг хөөрхөөн тэжээчихэж болно. Жижиг аквариумд усны найрлага хурдан бохирддог учир усыг нь тогтмол сэлбэж байх нь чухал. 40 литрийн аквариумд сайн тэжээвэл дээд тал нь 12-16 см хүрдэг бол том аквариумд хавьгүй томорч сүүл сэрвээ урттай болж өсдөг.
Анх тэжээж байгаа хүмүүс ихэвчлэн жижиг төлнүүдээс эхлээд том пар (хос) болгох сонирхолтой байдаг. 6-7 ширхэг төлнөөс жилийн дотор гэхэд доод тал нь нэг пар (хос) төрдөг.
Хоёр эм загас парлаж түрс шахах тохиолдол байдаг. Мэдээж эр загасгүйгээр түрс нь амилахгүй. Түрс цагаарсан үед үр тогтоогүй буюу үхсэн, харин тунгалаг шаргалдуу байвал үр тогтсон амьд түрс, ногоон юмуу цэнхэр туяатай бол мөөгөнцөртсөн гэж ялгана. 
Загас хос болсон үед хоёр загас бусад загаснуудаа дарамталж  эхэлдэг. Энэ үед нийтийн аквариумд үржүүлэх боломжгүй. Бусад загасруугаа дайрах эр эм загас хоорондоо муудалцаж биенээ хөнөөх гэх мэт асуудал гарж ирдэг. Тийм учир дунджаар 40-100 литрийн үржлийн аквариумд тусад нь тэжээх хэрэгтэй. Аль болох олон төрлийн хоолоор сайн хооллох хэрэгтэй.

Эр загас

 

Хэрэв нас жицуу энжелүүд дунд бие томтой, туранхай гэдэстэй, улаандуу нүдтэй зэргээр нь эр загасыг тодорхойлж болно. Настай энжел бол цихлид духаар нь таньж болно. Түрс шахахын өмнө их биеийн доодох үзгэн балны хошууны хэртэй үрийн сувгаа цухуйлгадаг.

Эм загас

 

Жижгэвтэр биетэй. Дээрх зурган дээрх загас шиг төвгөр том гэдэстэй. Мөлгөр дугуй духтай. Түрс шахах үед эр загастай адил үрийн сувгаа нээдэг. Үрийн суваг нээгдэж ил гарч ирсэн үед үржилд бэлэн гэсэн үг.

Түрс шахаж үржих ажил 100 % бүтэмжтэй болдоггүй. Анх шахаад амжилтгүй болох тохиолдол элбэг. Хоололт, усны найрлага зэргээс хамааран 7-30 хоногт түрс боловсорж үржилд ордог. Олон удаа шахах тусам туршлага сууж төлөө сайн арчилдаг.

Дээрх зураг дээрх шиг сүүлээ хавчиж сулдайсан үед шахуулах хэрэггүй.
Энжел дотор хамгийн эрүүл тэсвэртэй эр эм загас хамтарч үржилд орох нь элбэг.
Хамгийн чухал нь энжелийг өвдсөнийх нь дараа биш өвдхөөс нь урьдчилан сэргийлэх хэрэгтэй. 

Ус цэвэр байх хэрэгтэй. Усанд түргэн хугацаанд идэж дуусгахаар олон төрлын хоол бага багаар өгөх. Хооллохдоо ургамлын гаралтай ялтсан (flake), таблет хэлбэрийн хуурай, нунтаг хэлбэрийн, хатаасан, хөлдөөсөн мотел (bloodworm) зэрэг. Шахах үед усны хэм ямар байсан яг тэр хэмд нь барих хэрэгтэй. 
Хосууд хоорондоо зодолдоод салахгүй бол хэд хоног шилэн хаалтаар тусгаарлах хэрэгтэй. Ингээд нэмэргүй бол салгаад тус тусад нь тэжээх хэрэгтэй. 

Усны найрлага: Бага зэргийн хүчиллэг 6.8 PH тохиромжтой эсвэл арай бага байсан ч зүгээр. Усны температур 26-28С хавьцаа буюу 5 градус целс дотор барьж байх нь чухал. Шинэ устай нүцгэн аквариумд sponge filter байрлуулж агааржуулах. PH хэмжигчээр усны PH-ын түвшинг хэмжих. Sodium Bicarbonate (хүнсний сода) нь усыг шүлтлэг, Sodium Biphosphate нь усыг хүчиллэг болгодог. Түрс шахтал  өдөр бүр усны 10 хувийг солих.

Эхний өдөр 24,  хоёр дахь өдөр 25, гурав дахь өдөр 26 болгоод дараачийн өдрүүдэд 1 градусаар буулгаж түрс шахтал температурыг ихэсгэж багасгах. Мөн усны 10 хувийг сольж байх. Түрс шахвал тухайн өдрийн температурт байлгах хэрэгтэй. Мөн ус бохирдолтой байвал өдөрт 5 хувийг солих

Үржүүлэх аквариум: 40-100 литрийн танканд халаагуур, термометр хөвсгөр филтер (sponge filter) гэсэн хэдхэн зүйл байхад болно. Аквариумыг байнга цэвэр байлгах ба хайрга хийх хэрэггүй. Мөн 30налуу чулуу эсвэл том навчит ургамал байрлуулна. 

Үр тогтоогүй түрснүүд цагаарсан байдал

Аквариумын ойр хавийг цэвэрлэж налуу чулуу, ургамал дээр тунгалаг өнгийн түрс шахах болно.  Энэ үед хэдэн дусал метлин дусаавал түрс цайж мөөгөнцөртөхөөс сэргийлнэ. Түрс нь ойролцоогоор 100-600 түүнээс их ч байж болно. Түрсийг амилтал загаснууд сэлүүрээрээ дэвж арчилна. Түрс амилж сүүл үүсэх хүртэл 48 цаг болох ба энэ хооронд үр тогтоогүй эсвэл орчин нөхцөлөөсөө хамаарч зарим хэсэг нь цагаарч үхэж болно. 3 хоногийн дараа гэхэд сэрвэгнэж байсан төлнүүд сэлж эхэлдэг.

 
Найман долоо хоногтой төлнүүд

Төлөнд артемийн өндөг амилуулж өгдөг. Амилуулахдаа  цайны халбаганы тал хүрэхгүй бага багаар амилуулж өгөх хэрэгтэй. Томорсон төлнүүдэд талхны өт (microworm), таблеткан хоол, ялтсан хоол өгдөг.

Хоолыг түргэн хугацаанд үлдэгдэлгүй идэж дуусахаар хэмжээр өгөх хэрэгтэй. Хоолны үлдэгдэл баас зэргээс энжелийн вирус, паразит халддаг учир аквариумыг цэвэр байлгах хэрэгтэй. Хоолны үлдэгдэл баасыг соруулж байх хэрэгтэй. 
Хүн болгоны үржүүлсэн нөхцөл адилгүй тул ихэвчлэн хэрэглэгддэг аргуудаас орууллаа. Одоогоор  мэдэж байгаа зүйлс маань энэ юм. Дараа дахиж дэлгэрүүлж шинэчлэхийг бодноо. 
Бичлэгнээс үржүүлж буй үйл явцыг үзээрэй.

0 comments:

Post a Comment